Зураг нь тавигдсан энэ самбарыг хараад л дотор арзас хийхийн хажуугаар бид нарын юуг мартсан бэ гэдгийг дахин бодуулах шиг болоод сэтгэгдлээ бичив.
2021 оны 10 сард Сөүлд нээгдсэн олон улсын "Сөүлийн Хот Архитектурын Биеннале" -ийн үзэсгэлэнгийн нэг танхимд тавигдсан энэ самбар дээрх асуултууд яг одоогийн бид нарын хариулах асуудлын асуулт юм шиг нүдэнд тусаж сэтгэл хөдөлгөв.
Бүх асуудалд асуултыг зөв тавихад хариулт үргэлж бэлэн байдаг. Аливаа нэг бодолд зарцуулах хугацааг асуулт ба хариулт гэж хувилах тохиолдолд 70 хувь нь асуултаа хайж олоход зарцуулагддаг. Хотын асуудал дэндүү их, олон талт оролцогчтой учраас хувьсагч ихтэй, тодорхойгүй байдаг. Тоо бодоод хариу гаргадаг шиг хэзээ ч 100 хувь үнэн бас худлаа байдаггүй. Бидний хувьд хот төлөвлөлтийг хийсэнгүй, алдагдсан гэх мэтээр хотын асуудлыг муулан яридаг ч гол асуултыг хэзээ ч асууж байгаагүй санагдав.
Өнгөрсөн зууны ихэнх хот төлөвлөлт функцийг чухалчилан төлөвлөгдсөөр ирсэн байдаг. Хотод функц гэдгийг махчилан тайлбарлавал хүний үйлийг кодлон төрөлжүүлж түүнд хэрэгтэй барилга, түүний хэмжээг тооцоолон байршуулхыг хэлнэ. Хүний төрлөх араншин угаас бүх зүйлийг өөрт амар байдлаар кодлон, төрөлжүүлэх хүсэлтэй байдаг. Жишээ нь насны ангиллаар 18аас доош насныхныг хүүхэд, 30 гаранг залуу гэж төлөөлүүлэн дуудаад тэр болгон танихгүй л бол бүгдийг нь тэр үгний доор кодлон тэр бүлгийн хүмүүс тийм байдаг гэж томъёолдог. Төлөвлөлтийн олон аргаас хамгийн амархан нь функц болгон тухайн бүлэгт тохируулан төлөвлөх арга юм. Өнгөрсөнд ч гэлтгүй одоо ч бид ингэж төлөвлөсөөр л байгаа.
Би яагаад функцийг бичих болов гэхээр үзэсгэлэнгийн надад бодогдуулсан мессежтэй холбоотой. Энэ удаагийн үзэсгэлэнгийн гол агуулга нь бид одоо байгаа хот, архитектурыг юуны төлөө хийж байна, юу хамгийн чухал үнэ цэнэтэй болох ирээдүйд тэр зорилго өөрчлөгдөх үү гэдэг үндсэн асуултанд хариулт өгхийг хичээсэн харагдав. Үзэсгэлэнгээс олж авсан хариултаа товчилбол дан ганц функцээр хүний амьдрах орчныг төлөвлөх боломжгүй гэдгийг бид амьдарч буй алхам тутамдаа мэдэрсээр байгааг түүнчлэн хүний бүтээсэн архитектур болон хот өөрөө хүний нийгмийн хадгалах ёстой соёл уламжлал, хүндлэн үлдээх сэргээх ёстой зүйл мөнөөс мөн. Гэвч ирээдүйд бидэнд шаардагдах тэр олон функцийг яаж түүнтэй уялдуулах, хотын жижиг газарт ашигтай багтаах талаар олон шийдлийг хуваалцсан байсан.
Эцэст нь ер нь хүн гэдэг амьтан сэтгэл хөдлөлтэй, гоо зүйн мэдрэмжтэй учраас өдөр тутамд тааварлашгүй олон янзын асуудал түүнийг дагасан хөдөлгөөнүүд үүсч байдаг. Хотод маш олон хүмүүс тус тусын амьдралаар оршино, тэдгээрийн тус бүрийн үйлдэл нь бага багаар нэмэгдэж харилцан үйлчлэл үзүүлснээр асуудлууд нийтлэг болж илэрдэг юм байна. Нэг үйлдэл тааварлашгүй олон сонголтоор гүйцэтгэгдэвч түүний эцсийн үр дүн нь маш энгийн асуултын хариулт байсан гэдгийг доорх самбарын асуултууд сануулах болов уу. Хүнд сайхан амьдрахад тийм их зүйл хэрэгтэй юу? Доорх асуултууд манай хотод тансаглал уу?
2021.11.04 Б.Ариунжаргалан, Сөүл
댓글 없음:
댓글 쓰기